ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /NHK/. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” компани автомат жолоодлогод зайлшгүй шаардлагатай хиймэл оюун ухааны хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд энэ онд 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгджээ.
“Тесла” энэ жил хиймэл оюун ухааны салбарт 10 тэрбум доллар зарцуулна. Өөр ямар ч компани ийм хэмжээний хөрөнгө зарцуулж байгаагүй” гэж И.Маск X хуудсандаа бичсэн байна.
Хятадын автомашин үйлдвэрлэгч компаниудын үнийн өрсөлдөөнтэй тулгарч байгаагийн зэрэгцээ цахилгаан машины эрэлт саарсны улмаас “Тесла”-гийн орлого энэ оны эхний улиралд буурсан юм. Тодруулбал, цэвэр орлого жилийн өмнөхтэй харьцуулахад 55 хувиар буурчээ. Тус компани мөн ажилчдынхаа 10 хувийг цомхотгоно гэдгээ саяхан мэдэгдсэн юм.
И.Маскийн мэдэгдсэнээр, “Тесла” энэ оны наймдугаар сард автомат жолоодлоготой таксигаа танилцуулах ажээ.
Сэтгэгдэл үлдээх